1.    “ЭДЦС” ТӨХК-ийн   танилцуулга

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц” Төрийн өмчит хувьцаат компани нь “Таны гэрэл, дулаантай, ая тухтай амьдрах нөхцөлийг бид хангана” гэсэн Эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Станцын эхний ээлж 1987 оноос ашиглалтанд орж цахилгаан, дулаан үйлдвэрлэж эхэлсэнээс хойш 28 дахь жилдээ Эрдэнэт хотын ард иргэдийг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна.

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц нь 7 зуух,  3 турбинтэй, цагт 302.5 Гега калори/цаг дулаан,  28,8 Мега ватт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бөгөөд 1 алба, 4 хэлтэс, 8 цехийн зохион байгуулалттай, 433 хүнтэйгээр, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан Станц” Төрийн өмчит хувьцаат компани нь жилд дунджаар 154,6 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 123,3 сая квтц цахилгаан эрчим хүч түгээдэг. 2014 онд 24,238.7 сая төгрөгийн борлуулалт хийж, 25,335.5 сая төгрөгийн зардал гаргаж, 1,098.8 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. 2014 онд цахилгаан эрчим хүчний нэгж өртөг 108.77 төгрөг, дулааны эрчим хүчний нэгж өртөг 20,668.4 төгрөг байв.

Тус станц нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр Монгол улсын Засгийн Газар, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг “ТОП-100”,  “ТОП-150” аж ахуйн нэгж шалгаруулалтанд  2002 – 2014 онуудад жил дараалан 13 удаа шалгарсан байна. Монгол улсын хэмжээнд зарласан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдаанд шилдэг 9 байгууллагын нэгээр 2011 онд шалгарсан.

Мөн МҮЭ-ийн холбооноос явуулсан “Үйлдвэрлэл, хөдөлмөрийн өндөр соёлын аян”-д тэргүүн байр, “Аймгийн гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” шагналаар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үйлдвэр худалдааны яамнаас Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж “Мэдлэгт суурилсан бизнес” шагнал, Монголын татвар төлөгчдийн үндэсний холбооноос “Шилдэг менежменттэй байгууллага” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан байна.

Түлш эрчим хүчний салбарын байгууллагуудын дунд зохиосон “Дархан-2005” спортын наадамд 3-р байр, “Эрдэнэт-2007” спортын наадамд 1-р байр, “Улаанбаатар-2010” спортын наадамд 2-р байр тус тус эзэлсэн.

Тус станцын ажиллагсдын дундаас Эрчим хүчний тэргүүний ажилтан 112, бусад салбарын тэргүүний ажилтан 39, Хөдөлмөрийн хүндэт медалиар 22, “Алтан гадас” одонгоор 8, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор 2 хүн тус тус шагнагдаад байна.

Станц өнөөгийн байдлаар 433 ажилтантай, үүнээс дээд боловсролтой 131, тусгай дунд боловсролтой 50, МСҮТ төгссөн 33, бүрэн дунд 193, бүрэн бус дунд 18 хүн байна. Монгол улсын зөвлөх инженер 6, зөвлөх эдийн засагч 1, мэргэшсэн инженер 17,  мэргэшсэн нягтлан бодогч  4,  мэргэшсэн төсөвчин 2  ажиллаж байна.

2014 онд Төрийн өмчийн хорооноос өгсөн зорилтот түвшингийн үзүүлэлтийг бүрэн ханган биелүүлж, төсөвт нийт  4,9 тэрбум төгрөг төвлөрүүлснээс аймаг орон нутгийн төсөвт 2,6 тэрбум төгрөг төвлөрүүлж,  Орхон аймгийн нийт 303 дулааны эрчим хүч  хэрэглэгчдээс 100 хувийн   сэтгэл ханамжтай ажилласан байна.

Түүхэн замнал

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-н танилцуулга ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хоорондын 1981-1985 онд хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотын цахилгаан дулааны ачааллыг хангах зорилгоор тус станцыг барьж байгуулахаар болсон бөгөөд станцын зураг төслийг ЗХУ-ын ВНИПИЭНЕРГОПРОМ институтын Киевийн салбарт хийсэн юм.

Станцыг барьж байгуулах ажлыг 1984-1990 онд ЗХУ-ын “Загранэнергострой” байгууллагын харьяа “Монгол-энергострой” трестийн “Эрдэнэтэнергострой” барилга угсралтын удирдах газар хийж гүйцэтгэсэн. Станцын ашиглалтын өмнөх захиргаа 1984 онд, үндсэн захиргаа 1986 онд байгуулагдсан. Станцын эхний ээлж 1987 оноос ашиглалтанд орж цахилгаан, дулаан үйлдвэрлэж эхэлсэн ба 1990 онд бүрэн дуусч улсын комисс “Онц” дүнтэй хүлээн авсан юм.

Тус станц нь 36 МВт цахилгаан эрчим хүч, 302.5 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх чадалтай бөгөөд жилд дундажаар 100 сая кВт цахилгаан эрчим хүч, 550 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцын хэрэглэгчдээс бусад үйлдвэр, албан байгууллагууд, орон сууцны хорооллуудыг дулаанаар хангаж, гаргасан цахилгаан эрчим хүчээ “ТБЦДС” ТӨХК-ийн Эрдэнэт-Хархорины салбарын Эрдэнэтийн 220 кВ-ын дэд станцад нийлүүлдэг.

Тус станц нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээр Монголын Засгийн Газар, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг “ТОП-100” уралдаанд ажил хөдөлмөрийн амжилтаар 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008 онуудад тус тус шалгарсан байна.