“Дулааны Цахилгаан Станц- 5” Төсөл

0
2188

Улаанбаатар хотын 2007 оны дулааны ачааллыг 2000 онтой харьцуулахад 6,33% өссөн байна. Харин сүүлийн жилүүдэд цаг агаар харьцангуй дулаан, ихэнх үйлдвэр аж ахуйн газрууд салхивчийн дулаанаа төслийн хүчин чадлаар нь ашиглахгүй, мөн холбогдсон хэрэглэгчид хэрэгцээний халуун усны ачааллаа бүрэн авахгүй байгаагаас хэрэглэгчид дулааны ачааллаа бүрэн авахгүй, эх үүсвэрүүд тодорхой хэмжээний хүчин чадлын нөөцтэй гэж харагдахаар байна. Гэвч энэ нь тийм биш бөгөөд цаг агаарын огцом хүйтрэлт (-39ОС-ээс хүйтэн) болоход  Улаанбаатарын хотын дулаан хангамж дутагдах нөхцөл үүсээд байна.

2004-2008 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж шинэ хорооллууд баригдаж дулааны хэрэглээний ачааллын өсөлт жил тутам ихсэж 2009 он гэхэд дулааны  тооцоот чадал эх үүсвэрийн боломжноос хэтрэхээр болоод байна.

Өвлийн их ачааллын үед Улаанбаатар хотод эрс хүйтэрсэн нөхцөлд 100МВтдулдулааны эрчим хүч дутагдах  ба цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хаахын тулд 2012 оноос оройтуулалгүй дээрх хэмжээний дулааны суурилагдсан хүчин чадалтай ДЦС-5-ын эхний блокийг барьж ашиглалтанд оруулах шаардлага бий болоод байна.

Манай улсын үйлдвэрлэх боломжтой эрчим хүчний хэмжээ ба системийн хэрэглэж буй бодит оргил ачааллын  зөрүүг бид ОХУ-аас импортлодог цахилгаан эрчим хүчээр нөхдөг. Энэ зөрүү 2007онд 98 МВт байсан бол 2010 онд 160 МВт хүрэхээр  байна. Эндээс үзвэл ойрын үед шинэ эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй бол өндөр үнэтэй, торгуулийн хатуу нөхцөлтэй импортын эрчим хүчний хэмжээг улам нэмэгдүүлэхээр байгаа юм.

Нийслэл хот болон Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн дагуу 2020 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 1000 гаруй Гегакалори, цахилгааны хэрэглээ 700 гаруй Мегаваттаар өсөх тооцоо гараад байна.

Нөгөөтэйгүүр өнөөдөр Улаанбаатар хотыг дулаан, Төвийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ДЦС-2-н ашиглалтын хугацаа дуусч, ДЦС-3, ДЦС-4-н насжилт 30- 40 жилд хүрээд байгаа нь эдгээр эх үүсвэрүүдийн найдваржилт муудаж, тоноглолын үйл ажиллагаа ихээхэн доголдож байгааг сүүлийн жилүүдийн ашиглалтын явц харуулж байна.

Засгийн газар цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийг барьж, ашиглах шийдвэр гаргасанаар манай улсын цахилгаан, дулаан хангамжид ихээхэн түлхэц өгч,  манай орны эрчим хүчний салбарт дэлхий даяар түгээмэл байдаг хувийн хэвшлийн эрчим хүчний эх үүсвэрийг удирдах,  ашиглах, үйлчлэх цоо шинэ хэлбэр нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм.  Урьд өмнө нь дулааны цахилгаан станцын үйлдвэрлэл, ашиглалт, цахилгаан дулааны эрчим хүч дамжуулалт, борлуулалт зэрэг бүхий л ажиллагаанд байнга төрийн оролцоо, хөрөнгө оруулалт шаардаж, төр засгаас ч эрчим хүчний салбарт манай улсад олгож буй гадаадын зээл тусламж болон дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үлэмж хэсгийг зарцуулаад байгаа билээ.

Одоо баригдахаар төлөвлөж буй энэхүү ДЦС нь энэ бүх үйлчилгээ, зардлыг төрийн нуруунаас авч, манай эрчим хүчний салбарын үйлдвэр, сүлжээнүүдийн найдвартай ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх болно.

Түүнчлэн эрчим хүчний салбарт хийгдэж буй анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалт болох бөгөөд түүнд үзүүлэх Монголын засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагаа нь цаашид манай улсад хөрөнгө оруулахаар сонирхож, төлөвлөж байгаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах нь лавтай.

ДЦС-5 нь жилд 2 сая тонн орчим нүүрс хэрэглэх тооцоо гараад байгаа бөгөөд энэ хэрэглээ нь манай улсын нүүрс олборлолтыг нэмэгдүүлж, тус салбарын хөгжилд томоохон дэм туслалцаа үзүүлнэ.

Энэ ДЦС-ийг барьж ашигласанаар эрчим хүчний салбарын үндэсний  мэргэжилтэн, боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Учир нь манай талаас тавьсан болзол ёсоор энэ хувийн хэвшлийн станцын ажиллагсдын 90%-г монгол ажиллагсдаас бүрдүүлэх болно.

Тус станц нь тендерийн нөхцөл, шаардлагын дагуу орчин үеийн тэргүүний техник технологитой, хүчин чадлын өндөр үр ашигтай, байгаль орчинд хор хөнөөлгүй, дотоодод олборлох нүүрсээр ажиллаж, нийслэлчүүдийг дулаанаар, төвийн бүсийн сүлжээг цахилгаанаар найдвартай хангахад ихээхэн ач холбогдолтой болох юм.

Иймээс эхний ээлжинд Монголын засгийн газрын шийдвэрийн дагуу ТЭХЯ-аас цагт 300 МВт цахилгаан болон 700 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх чадалтай дулааны цахилгааны станцыг хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглуулахаар шийдвэрлэсэн.

ЭБЭХЯ олон улсын түвшинд нийцсэн тендерийн бичиг баримт боловсруулахад техникийн нарийвчилсан судлагаа үүний дотор байгал орчны болон усны нөөцийн судлагааг дахин гүйцэтгэх шаардлагатай байгааг харгалзан 2009 оны 07-р сард АХБ-д санхүүжилт хүссэний дагуу СЯ, ЭБЭХЯ болон АХБ-ны банкны хооронд Улаанбаатарын 5 дахь эх үүсвэрийн техникийн нарийвчилсан судалгааг хийх, үүнд шаардлагатай 1,7 сая ам.долларын санхүүжилт хийх тухай Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсан билээ. Өнөөдрийн байдлаар төслийн нэгж ЭБЭХЯ, АХБ-тай хамтран тус судалгааг хийж гүйцэтгэх Зөвлөх компанийн богиносгосон жагсаалтыг гаргах, төслийн үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байна.